Америк дахь Монгол Эмэгтэйчүүдийн

Холбоо

Утас 510-691-9199 Fax: 510-215-9100 mongol.emegtei@yahoo.com

 

Сэтгэгдэл

Ертөнцийн чимэг болсон эхчүүд, эмэгтэйчүүд, охидуудаа баярлуулах, тэднийхээ сэтгэлийг сэргээсэн энэ сайхан үйл ажиллагааг санаачлан өөрсдийн цаг зав, сэтгэл, хүчээ гарган зохион байгуулж буй Америк дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны хамт олон болон энэ оройн баяраа хуваалцан тэмдэглэж буй нийт хуран цугласан хүмүүстээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Эх орон элгэн саднаасаа хол ч гэсэн энд өнгөрүүлж буй амьдралынхаа дурсгалтай сайхан мөчүүдийг улам баяжуулж Мартын 8наа та бүхэнтэй хамтран тэмдэглэж байгаадаа баяртай байна. Та бүхэн ирэх жилүүдэд олон ийм сайхан үйл ажиллагаа явуулж Монголчуудынхаа сэтгэлийг баясгаж энд хүрэлцэн ирсэн зочид маань ч өөр олон зочин, оролцогчдыг ар араасаа дагуулан дараагийн үйл ажиллагаануудад хамтран оролцож, нэг нэгээ дэмжиж, цаг хугацааны урсгалыг өөр өөрийнхөөрөө улам баяжуулж явахыг ерөөе.   Гэрлээ

Best Mom 2009

Америкийн Монгол Хатагтай 2009

Гомбын Цэрмаа

Батаагийн Гэрэлмаа

Сэтгэгдэл

Монголын нийт ээж эмэгтэйчүүд тэдний гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе. Алс холын америкд байгаа бидний Монголчууд ёс заншил, хэл соёлоо үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээх ёстой билээ. Энэ өдрийн баяр ёслол ч нэгэн тод илрэл нь бөгөөд бидний хэдэн Монголчууд өөрсдийн хийх чадах бүхнээрээ нэг нэгэндээ дэм болж, сэтгэлийн хүч тэнхээ хайрлаж яваасай гэж хүсье.

Та бүхэндээ туйлын их баярлалаа.

Цэрмаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэв та Бүсгүйчүүд үдэшлэгийн зураг сонирхож  байгаа бол энд дарна уу?

Та бүхний гэгээн оюунд Бүсгүйчүүд үдэшлэгийн тухай товчхон толилуулахад:

Америк дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбооноос зохион байгуулсан Бүсгүйчүүд үдэшлэг сайхан болж өнгөрснийг та бүхний сонорт хүргэхэд таатай байна. Амьд цэцгийн баглаа, амтат зуушаар чимсэн ширээ, инээмсэглэл гэрэлтсэн Монгол  Бүсгүйчүүд, залуус маань улам ч үзэсгэлэн төгс, жавхлантай харагдаж, элгэн халуун нутаг, ээж ааваасаа хол яваа тэд маань энэ нутгийн ёс заншлийг унаган нутгийнхаа ёс заншилтай хослуулан биеэ өндөр түвшинд авч явааг нь өчүүхэн би бахархан  харж суулаа.

Бидний зарласан “Best Mom 2009” өргөмжлөлд маань таван ээж нарын нэр дэвшснийг дурдвал: Цоодолын Алтантуяа, Бямбын Сэрчмаа, Баатарын Загдсүрэн, Батаагийн Гэрэлмаа, Гомбын Цэрмаа нар юм. Энэ таван ээжээс  Баатарын Загдсүрэн,  Гомбын Цэрмаа нар маань тунаж үлдэн  сүүлчийн мөчид ирсэн Цэрмаагийн тухай зурвас бидний шийдвэрийг гаргахад түлхэц боллоо. Ингээд Гомбын Цэрмаа хамгийн анхны “Best Mom 2009” өргөмжлөлийг хүртэж алд цагаан хадаг, мөнхийн хөдөлгөөнт дэлхийн бөмбөрцгийн эзэн боллоо.

 Арван хоёр сайхан бүсгүйчүүд уран ухаан, авьяас чадвараа сорьж Батаагийн Гэрэлмаа гэдэг бүсгүй анхны “Америкийн Монгол Хатагтай” цол, туузны эзэн болж Напа-д хоёр хүний аялах эрхийн бичгээр шагнуулан, Ogbebor-ын Жавзмаа дагаалан амьд цэцгийн баглаа, “The cutting room” үсчний газрын бүтэн жил үнэгүй үсээ засуулах эрхээр шагнуулав.

Мөн бүжигчин Дархижав  “Уран гар” бүжгээрээ олныг баясгаж, Конкордын Авьяаслаг дөрвөн залуус ая дуугаа өргөн, “Улаан даашинз” бүжгийн аянд гоцлон бүжиглэсэн хос залуус маань аргагүй залуугийн цог жавхаа, авьяасыг илтгэж байв.

Мөн бидний төлөвлөсөн ёсоор 65-аас дээш насний хөгшчүүд маань үнэгүй уригдан оролцсон бөгөөд тэд маань тэргүүн ширээний төлөө тэмцэлдэж, эргэлдэн бүжиглэж энэ биенийхээ алжаалыг тайлан алс холын Америкт зочлонгоо адтай залуу насных нь гал дөл эргэн ирэв үү л гэлтэй.

Мөн олны амнаас танай үдэшлэг “Онцгой сайхан” болж байна, танай хөтлөгч нар “Мөн ч чадварлаг байна шүү” гэхийг  байн байн сонсоход бахдалтай байлаа.

Ингээд эцэст нь хэлэхэд, энэ үдэшлэгийг дээд зэргийн зиндаанд хүргэхэд, үдэшлэгийн үед, мөн бэлтгэлийн болон дараагийн нүсэр ажлыг нойр хоолоо хасан тусалсан 20 гаруй нөхөд гишүүдийн маань уйгагүй үнэнч хөдөлмөр шингэсэн юм гэдгийг тэмдэглүүштэй билээ.  Дашрамд хэлэхэд бидний хэн маань ч амиан бодож улаан зоосны нүхээр ертөнцийг тольдоогүй билээ.

Сүүлийн хэдэн жилд та ийм үдэшлэгт орж алжаал ядралаа тайлснаа санаж байна уу? Хэрэв таны  хариу “Үгүй” бол та ирэх жилийн манай үдэшлэгээр буугаад мордоогой!

Үдэшлэгийг зохион байгуулахад оролцсон Мэндбаяр, Уранчимэг, Пүрэвсүрэн, Бат-өлзий, Туяацэцэг, Цэрмаа, Мөнх-Найрамдал, Отгонбат, Оюунтэгш, Батжаргал, Дархижав, Марал-Эрдэнэ, Болд-Эрдэнэ, Сувд-Эрдэнэ, Даариймаа, Болортуяа, Болорцэцэг, Гүрбазар, Цэвэлмаа, Мөнхбат, Энхбат, Баатар, Алимаа, Нарантуяа та бүхэндээ баярласнаа дахин илэрхийлж эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.

 

 

 

Хэрэв та Бүсгүйчүүд үдэшлэгийн илүү зураг сонирхож  байгаа бол энд дарна уу?